Monday, December 12, 2011

Эвлэрье

Эвлэрье

Өл алдаж хээр хоносон
Өнчин зүрх минь чамайг би
Өнөө хүртэл ойлгож чадаагүй
Өрөөлийх юм шиг хүнийрхэж

Хээр хонуулж хэц дэрлүүлж явсан минь
Хэлэх үггүй, яг миний түмэн буруу
Хэл орж амилж эхэлжээ чи
Хэрэв чамайг яг одоо ойлгохгүй бол

Энэ биед минь багтахгүй эвдрэл гарч
"Эзэн нь хэн бэ" гэж асуумаар
Эрт цагт дургиж наргиж явсан
Эзэнгүй балгас болох нь миний бие

Зүрх минь би чамтай эвлэрье
Зүгээр л чи намайг тайван байлга
Зүүд биш энэ чинь амьдрал
Заримыг нь бас би мэдье

Цагийн хуваарь гаргаж
Өдрийн дэглэм мөрддөгүй
Цайгаа уух үгүйгээ
Өөрөө мэдэж явлаа
Цаг нэгэнт иржээ
Өр зүрх минь чи
Цамцаа тайлах үгүйг минь
Өөрийн эрхгүй мэдлээ

Мэдэл чадлаа би чамд өглөө
Мэдээж бүгдийг нь биш талыг нь
Магад, ингэж шийдсэн минь миний зөв
Маргааш гэрээндээ тамга даръя
1999 он

No comments:

Post a Comment