Monday, December 12, 2011

Зүүрмэглэх зуур

Зүүрмэглэх зуур

Хийх юм олдохгүй яах вэ? байз!
Хэрэггүй л шарлахаж орноосоо бослоо
Хэрэв би хэвтэж байсан бол өдийд
Хэвлийгээр нь тэврээд дугжирч байхсан

Гэхдээ би харамсаагүй, зүгээр л
Гэмшсэндээ биш залхсандаа л
Гэгэлзэж суугаадаа уур хүрч байна















Уурлалаа гээд ч яах билээ дээ
Уулыг нурааж, усыг эргүүлэх биш
Уг нь тэнэгтэж суухаар
Уучлалт гуйж орондоо орох уу?

Үгүй хө, тэгж ярихгүй
Үүр цайтал гүрийдэг хэрэг
Үнэндээ би эхэлсэн ч гэсэн
Үргэлжлүүлж чи яах гэж егөөдөв?

Заримдаа эмэгтэйчүүд уур хүргэж
Залууг ч гэсэн өтлүүлж өвгөрүүлэм
Залхуу хүрмээр зовуурьтай сэдвээр
Заавал сонсгох лекц уншина

Өглөө босохоосоо үдшийн бүрий хүртэл
Өнөө л… уншина
Өнгөө алдсан хөггүй хуур шиг
Өдөржин нөгөөх туужсаа хайлна

Наад залхуутай үлгэрээс чинь
Нар хүртэл залхаж, жаргамаар
Нандин хайрын түүх хуучилна
Над шиг нь бүү хэл, дүлий нь залхмаар

Дурлал дурлал л гэнэ, угтаа тэр
Дуусашгүй урт дууль намтар уу?
Дүрэлзээд дуусдаг галын дөл үү?
Дундуур хундагалсан дарс юм уу

Хэний хүү өнөөдөр энэнийг ялгаж
Хэт нь юу болохыг мэдэж чадах юм бэ
Хэзээ ч энэ төгс биш нэг л хариулттай
Хэрэв эндүүрээгүй бол тэр нь “шохоорхол”

Охид минь тэр чинь шохоорхол
Одоо түүнийгээ март хонгорууд минь
Од түгсэн шөнө болгон зүүдлэхээ боль
Орондоо хэвтээд зүгээр л хайрла!

Цалгар их хүлээлгүй хүслээр болж
Цардамал замтай урт гудамжаар
Цагаан гэгээ таран тарж
Цонхны цаана үүр цайжээ

Тагтан дээр гарч үүрэгэлсэн сэтгэлийнхээ
Тагийг нь авч үнэрийг нь гаргахаас
Тун ч хүнд өдөр болох нь -Бурхан минь
Тэнэг миний заяа мэдэж тэнгэр та түших болтугай

2001.05.29

No comments:

Post a Comment