Wednesday, December 21, 2011

Гансрал


Гансрал
 
Амьдралын хүрдийг эргүүлсээр
Арван долоон жил зүтгэлээ
Ааваас заяасан энэ биеэрээ
Арван долоон жил онож алдаж явлаа
Борооны дусал намуухнаар
Бодолд дарагдуулан дуслах шиг
Буурал мананд живсэн энэ өдрүүдэд
Би анх сэтгэлийн гансралд живж үзлээ
Эль хуль аниргүйн дунд орших
Эртний балгас мэт энэ байшинд
Элдвийг бодон эргэцүүлэн байхдаа
Эргэн бүхнийг дурсан саналаа
Хүүхэд үеийн наргиан тоглоом бүгд
Холын бүдэг од шиг сэтгэлд гялс хийх нь
Хорвоод ирсээр өдий хүртэл миний бие
Ховорхон жаргал, тачирхан зовлонд дасчээ
Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд
Ер нь би хөгжилтэй бас наргиантай сурагч байж
Тэгэхэд бас, хулан зээр шиг омоглон
Тэвхийсэн яриатай инээд алдсан зантай
Тэнүүн сэтгэлтэй гал дөл шиг…
Тэнгэр минь ! ёстой сурагч шиг сурагч байж дээ
Сурагч шиг сурагч байхдаа
Хүүхэд шиг хүүхэд байсан юм
Санасан бүхэн бүтнэ гэж
Хүний жаргаагүйгээр жаргах гэж
Орой болгон шоу хэсэн бүжиг бүжиж
Олон охидын онгон зүрхийг өшигчин
Аль сайхныг идэж өмсөж явахдаа
Амьдралыг яг түүн шигээ санаж явжээ
Гэтэл арван жил сураад өнгөрчээ
Гэр ахуйгаа захирах эрийн цээнд хүрчээ
Хээрийн галуу шиг хэсдэг цаг өнгөрчээ
Хорвоод өөрийн галаа асаах цаг иржээ
Амьдралд хүчээ үзэх ухаан хүрээгүйд бус
Айлын тулганаас галаа асаахгүй гэсэндээ
Борооны дусал намуухнаар
Бодолд дарагдуулан дуслах шиг
Буурал мананд живсэн энэ өдрүүдэд
Би анх сэтгэлийн гансралд живлээ
1999 он

No comments:

Post a Comment