Sunday, February 5, 2012

Ээжийн захиас:
-Миний хүү, Сайхан эр болжээ. Ээжид нь хэлэх нэг захиас байна.
Эхнэрээ хүндэлж чадсан эр хүн бусдын хүндлэлийг хүртдэг юм шүү.
Учир нь хүнд эцсийн эцэст хань ижил л үлддэг. Яагаад гэвэл чамд ч тэр, эхнэрт тань ч гэсэн, ах дүү нар гэж бий. Гэхдээ тэр улсууд бүгд цаанаа гэр бүл үр хүүхэдтэй. Та 2-т бас аав ээж гэж бий. Гэхдээ мөн адил аав ээжид тань, өөр үр хүүхэд гэж бас л байдаг шүү. Та 2 мэдээж үр хүүхэдтэй болно. Тэд нар чинь өсч том болоод өөрийн амьдралаа зохиогоод явна. Одоо энэ мөчид  хэн үлдэх вэ гэвэл та хоёр л бие биедээ үлднэ шүү дээ. Хүний амьдралын хар цагаан холилдсон энэ цаг хугацаа эхнэрийг тань, чамайг ч мөн адил хөгшин өвгөн эмгэн болгох байх. Гэхдээ та 2 бие биенээ сэтгэлдээ үргэлж ахны болзоонд урьж байсан шигээ, шинэхэн залуухан халуухан байлгах нь юу юунаас эрхэм. Энэ бол гэр бүлийн тань аз жаргалын түлхүүр шүү.
Эхнэрээ хүндэлсэн эр хүн бусдын хүндлэлийг хүлээдэг юм шүү.
Хайрт ээж Ж.Түвшинжаргал даа
Отгон хүү  В.Балдандорж

Wednesday, December 21, 2011

Гансрал


Гансрал
 
Амьдралын хүрдийг эргүүлсээр
Арван долоон жил зүтгэлээ
Ааваас заяасан энэ биеэрээ
Арван долоон жил онож алдаж явлаа
Борооны дусал намуухнаар
Бодолд дарагдуулан дуслах шиг
Буурал мананд живсэн энэ өдрүүдэд
Би анх сэтгэлийн гансралд живж үзлээ
Эль хуль аниргүйн дунд орших
Эртний балгас мэт энэ байшинд
Элдвийг бодон эргэцүүлэн байхдаа
Эргэн бүхнийг дурсан саналаа
Хүүхэд үеийн наргиан тоглоом бүгд
Холын бүдэг од шиг сэтгэлд гялс хийх нь
Хорвоод ирсээр өдий хүртэл миний бие
Ховорхон жаргал, тачирхан зовлонд дасчээ
Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд
Ер нь би хөгжилтэй бас наргиантай сурагч байж
Тэгэхэд бас, хулан зээр шиг омоглон
Тэвхийсэн яриатай инээд алдсан зантай
Тэнүүн сэтгэлтэй гал дөл шиг…
Тэнгэр минь ! ёстой сурагч шиг сурагч байж дээ
Сурагч шиг сурагч байхдаа
Хүүхэд шиг хүүхэд байсан юм
Санасан бүхэн бүтнэ гэж
Хүний жаргаагүйгээр жаргах гэж
Орой болгон шоу хэсэн бүжиг бүжиж
Олон охидын онгон зүрхийг өшигчин
Аль сайхныг идэж өмсөж явахдаа
Амьдралыг яг түүн шигээ санаж явжээ
Гэтэл арван жил сураад өнгөрчээ
Гэр ахуйгаа захирах эрийн цээнд хүрчээ
Хээрийн галуу шиг хэсдэг цаг өнгөрчээ
Хорвоод өөрийн галаа асаах цаг иржээ
Амьдралд хүчээ үзэх ухаан хүрээгүйд бус
Айлын тулганаас галаа асаахгүй гэсэндээ
Борооны дусал намуухнаар
Бодолд дарагдуулан дуслах шиг
Буурал мананд живсэн энэ өдрүүдэд
Би анх сэтгэлийн гансралд живлээ
1999 он

Monday, December 12, 2011

Эвлэрье

Эвлэрье

Өл алдаж хээр хоносон
Өнчин зүрх минь чамайг би
Өнөө хүртэл ойлгож чадаагүй
Өрөөлийх юм шиг хүнийрхэж

Хээр хонуулж хэц дэрлүүлж явсан минь
Хэлэх үггүй, яг миний түмэн буруу
Хэл орж амилж эхэлжээ чи
Хэрэв чамайг яг одоо ойлгохгүй бол

Энэ биед минь багтахгүй эвдрэл гарч
"Эзэн нь хэн бэ" гэж асуумаар
Эрт цагт дургиж наргиж явсан
Эзэнгүй балгас болох нь миний бие

Зүрх минь би чамтай эвлэрье
Зүгээр л чи намайг тайван байлга
Зүүд биш энэ чинь амьдрал
Заримыг нь бас би мэдье

Цагийн хуваарь гаргаж
Өдрийн дэглэм мөрддөгүй
Цайгаа уух үгүйгээ
Өөрөө мэдэж явлаа
Цаг нэгэнт иржээ
Өр зүрх минь чи
Цамцаа тайлах үгүйг минь
Өөрийн эрхгүй мэдлээ

Мэдэл чадлаа би чамд өглөө
Мэдээж бүгдийг нь биш талыг нь
Магад, ингэж шийдсэн минь миний зөв
Маргааш гэрээндээ тамга даръя
1999 он

Олонбаярт

 Олонбаярт

Маргааш би эндээс явлаа
Мартаж дээ чи намайг, хонгор минь
гэдэг тэр үг чинь
Мөр болон үлдсэн нь хөөрхий

Намайг чи мартаж болноо, хонгор минь
Нэг л зүйлийг бүү март, тэнэгхэн минь
Нандин тэр ариун үгсийг
Намрын навч шиг гөвдөггүй юм

Хайрлах гэдэг ариун ёс
Харин шохоорхол бол хөөрхий
Харснаа хайрлаж сэтгэлээ бэлэглэж
Хавьтсанаа итгэж энгэрээ дэлгэж

Шохоорхлын дарсанд согтож явах нь
Шог зураг шиг ядуу бөгөөд хөөрхий
Шинэ дурлалдаа үүнийг л санаж яваарай
хөөрхий

Аз жаргалаар бялхсан үерхлийг
Амьд үгүй нь мэдэгдэхгүй нөхөрлөлөөр
Анх чи сольсон хонгор минь
Амьдралтай нийлж, намайг чи чадлаа

Тэнхээг минь барж сэтгэлээр унагаж
Тэр чигээр нь амыг минь барилаа
Тэнэг ч гэсэн би нүд анихгүй
Тэгс гээд чамайг, мартах байлгүй

2000 он

Зүүрмэглэх зуур

Зүүрмэглэх зуур

Хийх юм олдохгүй яах вэ? байз!
Хэрэггүй л шарлахаж орноосоо бослоо
Хэрэв би хэвтэж байсан бол өдийд
Хэвлийгээр нь тэврээд дугжирч байхсан

Гэхдээ би харамсаагүй, зүгээр л
Гэмшсэндээ биш залхсандаа л
Гэгэлзэж суугаадаа уур хүрч байна















Уурлалаа гээд ч яах билээ дээ
Уулыг нурааж, усыг эргүүлэх биш
Уг нь тэнэгтэж суухаар
Уучлалт гуйж орондоо орох уу?

Үгүй хө, тэгж ярихгүй
Үүр цайтал гүрийдэг хэрэг
Үнэндээ би эхэлсэн ч гэсэн
Үргэлжлүүлж чи яах гэж егөөдөв?

Заримдаа эмэгтэйчүүд уур хүргэж
Залууг ч гэсэн өтлүүлж өвгөрүүлэм
Залхуу хүрмээр зовуурьтай сэдвээр
Заавал сонсгох лекц уншина

Өглөө босохоосоо үдшийн бүрий хүртэл
Өнөө л… уншина
Өнгөө алдсан хөггүй хуур шиг
Өдөржин нөгөөх туужсаа хайлна

Наад залхуутай үлгэрээс чинь
Нар хүртэл залхаж, жаргамаар
Нандин хайрын түүх хуучилна
Над шиг нь бүү хэл, дүлий нь залхмаар

Дурлал дурлал л гэнэ, угтаа тэр
Дуусашгүй урт дууль намтар уу?
Дүрэлзээд дуусдаг галын дөл үү?
Дундуур хундагалсан дарс юм уу

Хэний хүү өнөөдөр энэнийг ялгаж
Хэт нь юу болохыг мэдэж чадах юм бэ
Хэзээ ч энэ төгс биш нэг л хариулттай
Хэрэв эндүүрээгүй бол тэр нь “шохоорхол”

Охид минь тэр чинь шохоорхол
Одоо түүнийгээ март хонгорууд минь
Од түгсэн шөнө болгон зүүдлэхээ боль
Орондоо хэвтээд зүгээр л хайрла!

Цалгар их хүлээлгүй хүслээр болж
Цардамал замтай урт гудамжаар
Цагаан гэгээ таран тарж
Цонхны цаана үүр цайжээ

Тагтан дээр гарч үүрэгэлсэн сэтгэлийнхээ
Тагийг нь авч үнэрийг нь гаргахаас
Тун ч хүнд өдөр болох нь -Бурхан минь
Тэнэг миний заяа мэдэж тэнгэр та түших болтугай

2001.05.29

Цэлмэгтээ

Цэлмэгтээ


Чи хар дарсан зүүдийг минь мартуулж сэрээсэн өглөө
Чи хатаж хагарсан уруулыг минь сэргээж чийглэсэн бороо
Чи харанхуй бүүдгэр сэтгэлд минь нар туссан төгөл
Чи хазайж төөрсөн амьдралд минь ойн бяцхан цоорхой
Чи намуун шөнө сэтгэлд туссан төгрөг сар
Чи намба дарсан амьдралд минь бэдэрч учирсан төөрөг тавилан
Чи намайг л гэж мөнхөд дүрэлзэх түүдэг гал














Би аз жаргалаар цэцэглэх амьдралыг чинь хааж ургасан чулуу
Би ариун хайр сэтгэлийн итгэлийг чинь хулгайлж нуусан бор гэр
Би ашиггүй үрсэн хором бүрийг тэмдэглэх хар данс
Би аяндаа хөвөх амьдралд чинь зүүгдсэн хүнд зангуу
Би сэтгэлд чинь итгэл хайж хөвсөн цагаан хун
Би сэрээд харахад хажууд чинь дутах хоосон зай
Би сэрүүхэн үдэш нөмөрлөж чадахгүй холын уул
Би сэмхэн босож хэвтрээ л үлдээх хуурамч амраг

Бид “эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр”
Бид энгүй уудам хорвоод гай нь таарсан учрал
Бид эхгүй уудам далайд сэлүүргүй хөвсөн завь
Бид эрх дураараа нисдэг ч торондоо л жаргадаг шувууд
Бид эргэж буцах тийзгүй жаргалыг зорьсон аянчид
Бид өнгөрсөн болон, ирээдүйг холбох аж жаргалын холбоос . . .

2004.04.22