Monday, December 12, 2011

Цэлмэгтээ

Цэлмэгтээ


Чи хар дарсан зүүдийг минь мартуулж сэрээсэн өглөө
Чи хатаж хагарсан уруулыг минь сэргээж чийглэсэн бороо
Чи харанхуй бүүдгэр сэтгэлд минь нар туссан төгөл
Чи хазайж төөрсөн амьдралд минь ойн бяцхан цоорхой
Чи намуун шөнө сэтгэлд туссан төгрөг сар
Чи намба дарсан амьдралд минь бэдэрч учирсан төөрөг тавилан
Чи намайг л гэж мөнхөд дүрэлзэх түүдэг гал














Би аз жаргалаар цэцэглэх амьдралыг чинь хааж ургасан чулуу
Би ариун хайр сэтгэлийн итгэлийг чинь хулгайлж нуусан бор гэр
Би ашиггүй үрсэн хором бүрийг тэмдэглэх хар данс
Би аяндаа хөвөх амьдралд чинь зүүгдсэн хүнд зангуу
Би сэтгэлд чинь итгэл хайж хөвсөн цагаан хун
Би сэрээд харахад хажууд чинь дутах хоосон зай
Би сэрүүхэн үдэш нөмөрлөж чадахгүй холын уул
Би сэмхэн босож хэвтрээ л үлдээх хуурамч амраг

Бид “эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр”
Бид энгүй уудам хорвоод гай нь таарсан учрал
Бид эхгүй уудам далайд сэлүүргүй хөвсөн завь
Бид эрх дураараа нисдэг ч торондоо л жаргадаг шувууд
Бид эргэж буцах тийзгүй жаргалыг зорьсон аянчид
Бид өнгөрсөн болон, ирээдүйг холбох аж жаргалын холбоос . . .

2004.04.22

No comments:

Post a Comment