Wednesday, December 21, 2011

Гансрал


Гансрал
 
Амьдралын хүрдийг эргүүлсээр
Арван долоон жил зүтгэлээ
Ааваас заяасан энэ биеэрээ
Арван долоон жил онож алдаж явлаа
Борооны дусал намуухнаар
Бодолд дарагдуулан дуслах шиг
Буурал мананд живсэн энэ өдрүүдэд
Би анх сэтгэлийн гансралд живж үзлээ
Эль хуль аниргүйн дунд орших
Эртний балгас мэт энэ байшинд
Элдвийг бодон эргэцүүлэн байхдаа
Эргэн бүхнийг дурсан саналаа
Хүүхэд үеийн наргиан тоглоом бүгд
Холын бүдэг од шиг сэтгэлд гялс хийх нь
Хорвоод ирсээр өдий хүртэл миний бие
Ховорхон жаргал, тачирхан зовлонд дасчээ
Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд
Ер нь би хөгжилтэй бас наргиантай сурагч байж
Тэгэхэд бас, хулан зээр шиг омоглон
Тэвхийсэн яриатай инээд алдсан зантай
Тэнүүн сэтгэлтэй гал дөл шиг…
Тэнгэр минь ! ёстой сурагч шиг сурагч байж дээ
Сурагч шиг сурагч байхдаа
Хүүхэд шиг хүүхэд байсан юм
Санасан бүхэн бүтнэ гэж
Хүний жаргаагүйгээр жаргах гэж
Орой болгон шоу хэсэн бүжиг бүжиж
Олон охидын онгон зүрхийг өшигчин
Аль сайхныг идэж өмсөж явахдаа
Амьдралыг яг түүн шигээ санаж явжээ
Гэтэл арван жил сураад өнгөрчээ
Гэр ахуйгаа захирах эрийн цээнд хүрчээ
Хээрийн галуу шиг хэсдэг цаг өнгөрчээ
Хорвоод өөрийн галаа асаах цаг иржээ
Амьдралд хүчээ үзэх ухаан хүрээгүйд бус
Айлын тулганаас галаа асаахгүй гэсэндээ
Борооны дусал намуухнаар
Бодолд дарагдуулан дуслах шиг
Буурал мананд живсэн энэ өдрүүдэд
Би анх сэтгэлийн гансралд живлээ
1999 он

Monday, December 12, 2011

Эвлэрье

Эвлэрье

Өл алдаж хээр хоносон
Өнчин зүрх минь чамайг би
Өнөө хүртэл ойлгож чадаагүй
Өрөөлийх юм шиг хүнийрхэж

Хээр хонуулж хэц дэрлүүлж явсан минь
Хэлэх үггүй, яг миний түмэн буруу
Хэл орж амилж эхэлжээ чи
Хэрэв чамайг яг одоо ойлгохгүй бол

Энэ биед минь багтахгүй эвдрэл гарч
"Эзэн нь хэн бэ" гэж асуумаар
Эрт цагт дургиж наргиж явсан
Эзэнгүй балгас болох нь миний бие

Зүрх минь би чамтай эвлэрье
Зүгээр л чи намайг тайван байлга
Зүүд биш энэ чинь амьдрал
Заримыг нь бас би мэдье

Цагийн хуваарь гаргаж
Өдрийн дэглэм мөрддөгүй
Цайгаа уух үгүйгээ
Өөрөө мэдэж явлаа
Цаг нэгэнт иржээ
Өр зүрх минь чи
Цамцаа тайлах үгүйг минь
Өөрийн эрхгүй мэдлээ

Мэдэл чадлаа би чамд өглөө
Мэдээж бүгдийг нь биш талыг нь
Магад, ингэж шийдсэн минь миний зөв
Маргааш гэрээндээ тамга даръя
1999 он

Олонбаярт

 Олонбаярт

Маргааш би эндээс явлаа
Мартаж дээ чи намайг, хонгор минь
гэдэг тэр үг чинь
Мөр болон үлдсэн нь хөөрхий

Намайг чи мартаж болноо, хонгор минь
Нэг л зүйлийг бүү март, тэнэгхэн минь
Нандин тэр ариун үгсийг
Намрын навч шиг гөвдөггүй юм

Хайрлах гэдэг ариун ёс
Харин шохоорхол бол хөөрхий
Харснаа хайрлаж сэтгэлээ бэлэглэж
Хавьтсанаа итгэж энгэрээ дэлгэж

Шохоорхлын дарсанд согтож явах нь
Шог зураг шиг ядуу бөгөөд хөөрхий
Шинэ дурлалдаа үүнийг л санаж яваарай
хөөрхий

Аз жаргалаар бялхсан үерхлийг
Амьд үгүй нь мэдэгдэхгүй нөхөрлөлөөр
Анх чи сольсон хонгор минь
Амьдралтай нийлж, намайг чи чадлаа

Тэнхээг минь барж сэтгэлээр унагаж
Тэр чигээр нь амыг минь барилаа
Тэнэг ч гэсэн би нүд анихгүй
Тэгс гээд чамайг, мартах байлгүй

2000 он

Зүүрмэглэх зуур

Зүүрмэглэх зуур

Хийх юм олдохгүй яах вэ? байз!
Хэрэггүй л шарлахаж орноосоо бослоо
Хэрэв би хэвтэж байсан бол өдийд
Хэвлийгээр нь тэврээд дугжирч байхсан

Гэхдээ би харамсаагүй, зүгээр л
Гэмшсэндээ биш залхсандаа л
Гэгэлзэж суугаадаа уур хүрч байна















Уурлалаа гээд ч яах билээ дээ
Уулыг нурааж, усыг эргүүлэх биш
Уг нь тэнэгтэж суухаар
Уучлалт гуйж орондоо орох уу?

Үгүй хө, тэгж ярихгүй
Үүр цайтал гүрийдэг хэрэг
Үнэндээ би эхэлсэн ч гэсэн
Үргэлжлүүлж чи яах гэж егөөдөв?

Заримдаа эмэгтэйчүүд уур хүргэж
Залууг ч гэсэн өтлүүлж өвгөрүүлэм
Залхуу хүрмээр зовуурьтай сэдвээр
Заавал сонсгох лекц уншина

Өглөө босохоосоо үдшийн бүрий хүртэл
Өнөө л… уншина
Өнгөө алдсан хөггүй хуур шиг
Өдөржин нөгөөх туужсаа хайлна

Наад залхуутай үлгэрээс чинь
Нар хүртэл залхаж, жаргамаар
Нандин хайрын түүх хуучилна
Над шиг нь бүү хэл, дүлий нь залхмаар

Дурлал дурлал л гэнэ, угтаа тэр
Дуусашгүй урт дууль намтар уу?
Дүрэлзээд дуусдаг галын дөл үү?
Дундуур хундагалсан дарс юм уу

Хэний хүү өнөөдөр энэнийг ялгаж
Хэт нь юу болохыг мэдэж чадах юм бэ
Хэзээ ч энэ төгс биш нэг л хариулттай
Хэрэв эндүүрээгүй бол тэр нь “шохоорхол”

Охид минь тэр чинь шохоорхол
Одоо түүнийгээ март хонгорууд минь
Од түгсэн шөнө болгон зүүдлэхээ боль
Орондоо хэвтээд зүгээр л хайрла!

Цалгар их хүлээлгүй хүслээр болж
Цардамал замтай урт гудамжаар
Цагаан гэгээ таран тарж
Цонхны цаана үүр цайжээ

Тагтан дээр гарч үүрэгэлсэн сэтгэлийнхээ
Тагийг нь авч үнэрийг нь гаргахаас
Тун ч хүнд өдөр болох нь -Бурхан минь
Тэнэг миний заяа мэдэж тэнгэр та түших болтугай

2001.05.29

Цэлмэгтээ

Цэлмэгтээ


Чи хар дарсан зүүдийг минь мартуулж сэрээсэн өглөө
Чи хатаж хагарсан уруулыг минь сэргээж чийглэсэн бороо
Чи харанхуй бүүдгэр сэтгэлд минь нар туссан төгөл
Чи хазайж төөрсөн амьдралд минь ойн бяцхан цоорхой
Чи намуун шөнө сэтгэлд туссан төгрөг сар
Чи намба дарсан амьдралд минь бэдэрч учирсан төөрөг тавилан
Чи намайг л гэж мөнхөд дүрэлзэх түүдэг гал














Би аз жаргалаар цэцэглэх амьдралыг чинь хааж ургасан чулуу
Би ариун хайр сэтгэлийн итгэлийг чинь хулгайлж нуусан бор гэр
Би ашиггүй үрсэн хором бүрийг тэмдэглэх хар данс
Би аяндаа хөвөх амьдралд чинь зүүгдсэн хүнд зангуу
Би сэтгэлд чинь итгэл хайж хөвсөн цагаан хун
Би сэрээд харахад хажууд чинь дутах хоосон зай
Би сэрүүхэн үдэш нөмөрлөж чадахгүй холын уул
Би сэмхэн босож хэвтрээ л үлдээх хуурамч амраг

Бид “эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр”
Бид энгүй уудам хорвоод гай нь таарсан учрал
Бид эхгүй уудам далайд сэлүүргүй хөвсөн завь
Бид эрх дураараа нисдэг ч торондоо л жаргадаг шувууд
Бид эргэж буцах тийзгүй жаргалыг зорьсон аянчид
Бид өнгөрсөн болон, ирээдүйг холбох аж жаргалын холбоос . . .

2004.04.22

Та өөрөө ирээдүйгээ зурдаг.


Саяхан нэг кино үзлээ, тэгсэн түүн дээр “Өнөөдөр та юу тарина маргааш түүнийгээ л хураана”  гэсэн ишлэл гарч байна. Бараг тэр киноны түлхүүр үг байсан байх. Үүнийг би дотроо дэмжиж суулаа. Уг нь Христийн шашны сургаальд “Хүн юу тарина түүнийгээ хураана” гэж гардаг шиг санагдаж байна. Утга нь адилхан болохоор ялгаагүй гэж үзэв. Манай монголын зүйр үгэнд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж байдаг шүү дээ.
Бид бол Бөө болон Буддын шашинтай ард түмэн. Үүний аль шашинд нь ч, хүн өөрийнхөө хувь заяаны эзэн гэсэн санаа байдаг. Гэтэл миний уншиж дуулснаар Христийн шашинд бол хүний хувь заяа, итгэл үнэмшил бүгд тэр Есүс гэдэг хүний сургаалийн дагуу бурхны тааллаар болдог гэж үзсэн байдаг. Гэтэл тэдний шашины сургаальд “Өнөөдөр юу тарина түүнийгээ хураана” гэсэн ишлэл байна. Энэ чинь цаанаа бол та өөрийнхөө ирээдүйг өнөөдөр, өөрийн гараар зурна гэсэн санаа байгаад байна гэж бодож байна. Би хувьдаа аливаа хүнийг ямар ирээдүй хүлээж байгаа нь тухайн хүн өнөөдрийг яаж үдэж байгаагаас хамаардаг гэдэгт итгэдэг нэгэн. Итгэх болсон олон шалтгаан үндэслэл байна.

Ерөнхий үндэслэл
Хүмүүс өөрийнхөө цаашдийн амьдралыг /ирээдүйн хувь заяа/ сайн сайхан байлгах тал дээр лам хараас асуух, бөө зайрангаар аргалуулах гээд л их л явдаг болж. Зарим нь ямар нэгэн шашны урсгал даган, түүний зам мөрийг даган амьдрах юм. Нийтлэг хэллэгээр бол ЛАМДАХ БӨӨДӨХ гэсэн үг л дээ.
Гэвч миний бодлоор өнөөдөр миний амьдралын хамаарлын 80 хувь нь хүмүүс, хүмүүсийн харилцаанаас хамаарч байна. Хамаарлын хувь ийм их байгаа учраас миний оршин тогтнох, сайн муу явах шууд л ямар хандлагатай харилцаа намайг хүрээлж байгаагаас шалтгаалж байна гэж болно. Өөрөөр хэлбэл хүмүүс намайг хэрхэн хүлээн авч, хэн гэж бодож, харж байгаагаас шалтгаална гэсэн үг.  
Энд нэг ийм үг санаанд орж байна, “Эр хүний замын хүзүү урт гэж”. Бид мэдээж байнга харьцах нь тодорхой хүмүүстэйгээ бол аль болох эвтэй зүйтэй зөв харьцахыг хичээдэг. Гэтэл бидний нийт харилцааны талаас илүү хувь нь нэг удаагийн харилцаа байдаг. Гэтэл тэдгээр хүмүүстэй харилцсан харилцаанаас хэдэн хүнд нь та эерэг сэтгэгдэл  үлдээсэн билээ? Харин тэдгээр хүмүүсийн ихэнд нь ямар нэгэн байдлаар хэзээ нэгэн цагт таньтай эргэж харилцаанд ордог нь нөгөө замын хүзүү урт гэдэг үгэнд гарч байна.
Товчхондоо бол намайг ямар ирээдүй хүлээж байгаагийн талаас илүү хувь нь энэ харилцаа шийдэх байх гэж бодож байна. Мэдээж үлдсэн талд нь миний эрүүл мэнд бас байгалийн нөлөө энэ тэр гээд юм байж магад. 1900 оны эхээр бол монгол ард түмэн нүүдэлчин байсан. Бидэнд нийгмийн харилцаа гэж юм бараг байгаагүй одоо ч тийм айлууд байгаа байх тэдний амьдралын нөлөөлийн 80 хувь нь цаг агаар, уур амьсгалын хүчин зүйл өөрөөр хэлбэл байгалийн хүчин зүйл нөлөөлж байна гэсэн санаа. Гэхдээ л энэ үед “Саахалт айлын санаа нэг” гэж үг бас л байсан. Хэн харилцаа сайтай байна тэр айл, айлын эзэн байгалийн шалгарлыг саахалт айлтайгаа санаагаа нийлүүлэн давж гарна гэсэн үг ч байж болох юм. Одоо чинь 21-р зуун шүү дээ. Ингээд л буцаад харилцаа чухал гэсэн санаа уруу оруулаад байна.
Дээр өгүүлсэнчлэн ламаас асуудаг тэр ирээдүйг чинь лам биш таны өнөөдрийн хүмүүст төрүүлсэн сэтгэгдэл таныг үнэлсэн үнэлгээ угтдаг гэсэн үг. Би ч шүтлэг муутай хүн. Гэхдээ ямар нэгэн үзмэрч, мэрэгч төлөгч нар хүний байгаа байдал болон, өнгөрсөн амьдралыг хардаг байж болно. Харин ирээдүйг хэлэх маш хэцүү байх. Мөн нэг арц, рашаан, улаан утас, өөр юу ч билээ нэг тийм домоор хүний ирээдүйд тохиолдох үйл явдлыг өөрчилнө гэдэг юу л бол. Өөрөөр хэлбэл ирээдүйд чамтай харьцах хүний талаарх сэтгэгдлийг өнөөдрийн арц, рашаанаар өөрчилнө гэдэг нь ямарч логик боломжгүй мэт.
 Жишээ:
Өнөө өглөө гэхэд л би чухал гэрээний талаар уулзах ёстой байсан завгүй даргын үүдэнд тийм явдалтай учирлаа.
 Дунд сургуульд би үргэлж мууг нь үздэг байсан сургуулийн  охин тэр даргын үүдэнд сууж байна гэж яаж мэдхэвдээ. Тэр завгүй даргатай уулзах хүний хувьд нарийн бичиг бол, хаалга нээх алтан түлхүүр гэсэн үг. Гэтэл тэр миний талаарх  таагүй дурсамжаа мартаагүй байгаа нь илт байлаа. Тэгээд бид нааштай хариу авч чадсангүй.  Гэвч би 10 жилийн өмнө нэгэн сураггүй охинд муу сэтгэгдэл үлдээснийхээ хариуг өнөөдөр амсна гэж яаж мэдхэв. Амсах амсахдаа, шууд утгаараа 23 сая төгрөгний хөрөнгө оруулалтын боломж, цаашлаад багийнхаа хагас жилийн хөлс хөдөлмөрөөр  төлнө гэж зүүдлээ ч үгүй явлаа. Эндээс харахад нөгөө нарийн бичгийн, миний талаарх бодлыг өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар ч лам бөөтэйгээ нийлээд өөрчилж чадахгүй байсан байх. Гэвч би түүнд өсөрхсөнгүй харин ч би алдаагаа бага үнээр төллөө гэж үзэж байна. Хэрэв бид их хэлмэгдүүлэлтийн үед учирсан, тэр нарийн бичиг биш, нөгөө ногоон малгайт /их хэлмэгдүүлэлтийн үед өнөөгийн шүүхтэй энэ тэнцүү эрх эдэлдэг байсан, бүрэн эрхт төлөөлөгч/-ны нэг байсан бол би  амиараа төлөх байсан ч байж болох юм. Азаар тэр алтан түлхүүр биш төмөр цоож болоод үлдсэн нь болж дээ.
Миний хэлэх гээд байгаа зүйл бол таны хувь заяа, таны ирээдүй бүгд таны өнөөдрийн бүхий л үйлдлээс улбаатай. Тэр дундаа нийгэмд эзлэх байр суурь бол бусадтай харьцаж байгаа сэтгэгдлээс л шууд хамаарна гэж хэлэх гээд байна. Би өнөөдөр хийсэн сайн муу бүхий л харилцааныхаа үрийг хэзээ нэгэн цагт заавал амсдаг.

Сэтгэлээсээ хүнд хандвал тэд бас таньд адил хандна.

Би нэгэн бильярд тоглоомын газар нээхээр төлөвлөөд засвар тохьжилтын ажил нэлээд базааж маргааш өглөө нь нээлтээ хийх тов зарлалаа. Маргааш нээх болохоор нэлээд орой болтол жижиг сажиг ажлаа дуусгаж байлаа. Эхнээсээ ажлаа дууссан нь явж. Манай ажилчин ах дүү 2 мужаан ч бас ажлаа дуусчихлаа гээд явахаа мэдэгдээд гараад явлаа. Бид үргэлжлүүлэн цэвэрлэгээ энэ тэр гээд л жижиг сажиг ажлаа амжууллаа. Гэтэл утас дуугаран түрүүн гарч явсан ах дүү хоёрын, дүү нь залган. “Автобус зогссон байна, Бидэнд таксины мөнгө байдаггүй та зээлээч” гэж ярилаа би цагаа хартал аль хэдий нь 24 цаг өнгөрчээ. Хариуд нь “ Одоо гарч байна. Би өөрөө хүргээд өгье” гэж хэлээд, байгаа газар нь очин залуусыг аван гэрийнх нь зүг цас будруулан давхилаа. Тэднийх нэлээд зайдуу гэр хороололд байдаг юм байна. Би явсаар гэр хороолол дунд байрлах автобусны эцсийн зогсоол өнгөрөөд 500м орчим газар яваад хашааны үүдэнд нь очлоо. Гадаа цасаар шуураад аль хэдий нь идэр ес эхэлсэн нь илт байлаа. Би ганцаараа буцаж явтал түрүүн өнгөрсөн автобусны эцсийн зогсоол дээр зогсож байсан авгай нөхөр 2 бас яваагүй зогсож л байв. Бүр харин намайг харан гар өргөх маягтай замруу дөхлөө. Би ч ганцаараа яваа болохоор авахгүй санаатай жаахан хурдаа нэмэх маягтай өнгөрч явтал залуу нь энгэртээ өлгийтэй хүүхэд тэвэрсэн байгаа нь харагдлаа. Өөрийн эрхгүй хөл тормозны гишгүүр дээр  буулаа. Ялигүй хэтэрсэн тул тэр хоёрыг тосон ухарлаа. Тэд ч мөн яаран алхсаар машинд суулаа. Гэтэл нэг орцны доод айлын ах эгч 2 байлаа. Нэлээд удаан зогссон бололтой арын суудлаас жавар төөнөж байлаа. Бид бие биенээ танин хэсэг яриа хөөрөө болон тэднийг орцны нь үүдэнд хүргэж өглөө. Буух үед нь би “ Би ч харанхуй шөнө хүн замаасаа авдаггүй юм харин хүүхэд тэвэрсэн хүн байхаар нь автал та 2 байлаа. Таньсангүй шүү уучлаарай, сайхан амраарай” гэж хэлэн буулгав. Манайх мэдээж нийтийн орон сууцанд амьдардаг учраас дулаан граж байрнаас нэлээд зайтай, машинаа тавиад голдуу такси дуудан гэртээ хүргүүлдэг билээ.
Маргааш нь бильярдын газраа нээлээ, нэлээдгүй хөл хөдөлгөөнтэй байлаа. Эхний өдөр учир нэлээд оройтон цаг харахнээ 11 цаг, хаах цаг болжээ. Би хамгийн сүүлд гаран хаалгаа түгжээд мөн л такси дуудан граж уруугаа явлаа. Граж дээрээсээ таксигаар гэртээ хүргүүлэн буухдаа тооцоо хийх болов. Түрийвчээ гарган бүхэл 10000 төг сарвайтал задлахгүй гэнэ. Гэнэт өдрийн орлогоны баахан задгай мөнгө миний бэлхүүсэндээ зүүсэн пасканд байгааг саналаа. Тэндээс задгай мөнгө гарган тооцоо хийгээд гэртээ орлоо. Гэртээ хоол ундаа идэн хэсэг хугацаа өнгөрч байтал хэн нэгэн хаалга тогшив. Энэ орой болсон хойно хэмээн үгэлсээр очин онгойлготол өчигдөр надаар хүргүүлдэг доод айлын ах,  түүний ард том хүү нь дагасан байлаа.Гэтэл үгийн зөрөөгүй гэрт түрэн орж ирлээ би ч бүр гайхан бас жаахан дургүйцэх маяг орж байтал. Ах хүү рүүгээ гараа сарвайтал хүү нь миний түрийвчийг халааснаасаа гарган өглөө. Би ч өөрийнхөө түрийвчийг шууд хараад л танилаа. Ах “ Энэ чиний түрийвч мөн үү? Иргэний үнэмлэх чинь байхаар нь чинийх байх гэж бодлоо. Май” хэмээн өглөө. Би итгэж ядан гараа тосон авлаа. Түрийвчийг нээн үзтэл минийх мөн байлаа. Би гайхахын хажуугаар тэр хоёрыг гэрт орохыг урилаа.Гэвч ах хэрэггүй орой болсон байна гээд, мөн хүү нь гэрлүүгээ орох замдаа орцны өмнө түрүүвч хэвтэж байхаар нь олсон талаар  яриа дэлгэлээ. Сая би учрыг нь ухаарлаа. Баярлалаа хэмээн хүүд түрийвчэн дотор байсан мөнгөнөөс 10,000 төгрөг авч өглөө. Тэд ч учрыг нь гарган хэлээд санаа нь амрав бололтой сайхан амраарай хэмээн гарч одлоо.
Таксинаас буух үед түрийвчээ гарган бүхэл мөнгө задлахгүй гэхээр нь буцааж далд хийлгүй өвөр дээрээ тавиад өөр газраас мөнгө гарган тооцоогоо хийгээд буухдаа өвөр дээрээ байсан түрийвчээ анзааралгүй унагаасан нь тэр байж.
Ингээд би сэтгэлээсээ хандан тэднийг нэг орой хүргэж өгч тус болсныхоо хариуг маргааш нь шууд л хүртэж эхлэх нь тэр. Магадгүй би тэднийг урьд өдөр нь хүргэж өгөөгүй бол тэдний хүү миний хэтэвчийг олоо ч билүү? Оллоо ч гэсэн өнөө цагт хүмүүсийн амьдралд мөнгө чухал болсон цаг. Тэр үед миний хэтэвчинд 70-80 орчим мянган төгрөг байсан. Энэ бол бидэн шиг энгийн амьдралтай хүмүүст бага мөнгө биш. Олсон гэдгээ мэдэгдэхгүй дуугүй л өнгөрч болох л байсан байх даа хэмээн бодож суулаа. Би тэр гэр бүлийн танил төдий л байсан байтал. Хүүхэдтэйгээ дааран хэцүүхэн зогсож байхад нь тусалсан маань хэзээ ч хуурахгүй дотны найз нөхөд болсон байна. Тиймээ өнөөдөр би бусдад тусалж байгаа боловч цаад санаандаа бол өөртөө л тусалж буй гэсэн үг юм байна гэж ойлгосон.

Хариу нэхээгүй тус

Нэгэн ажил ихтэй өдрийг ардаа орхин ажлаасаа гаран зам дээр такси барихаар зогсож байлаа. Мэдээж манайх нэг машинтай эхнэр бид 2 хэн их гадуур ажилтайгаасаа хамааран машинаа ээлжилж унадаг байлаа. Тэр өдөр эхнэрийн ээлж тааржилдээ. Машингүй яваа болохоор гартаа цүнх бичиг цаас, гар утас, түлхүүрнүүд гээд л баахан юм барьж зогсно. Такси ирж зогслоо. Буруу рүлтэй япон тэрэг унасан хувиараа халтуур хийдэг ахимаг настай ах байрын  хүн байна.  Би ч арын суудал дээр нөгөө баахан гартаа барьсан эд зүйлтэйгээ суугаад заримыг нь далд хийгээд гар утас, машины түлхүүр 2 ил гарган үлдээлээ. Учир нь би 3,4-р хороолол уруу эхнэрийн ажлын гадаа байгаа машин уруугаа явж байгаа санаа маань энэ. Замын түгжрээнд жолооч ахтай буу халан элдэв нийгмийн тулгамдсан мөнхийн сэдвүүдээр ярилцлаа. Ах тэр өдөр нэлээд бухимдуу яваа бололтой, учир нь түүнд иргэний бүртгэлийн газартай холбоотой нэлээд хүндрэл учирчээ. Түүний хүүгийн лавалгаа гарахгүй их удаж байгаа талаар, ямар хэлтэс хэсэг дээр гацаад байгаа гээд л ах баахан бухимдлаа ярилаа. Сонсоод байтал миний мэдэх газар юм шиг санагдаад ахаас хүүхдийнх нь нэр овгийг асуун танилдаа хэлэн лавалгааг нь тэр дор нь бүтээж өгөв. Тэгээд жолооч ахыг маргааш ажил цуглахаар 4-р цонхон дээрээс очиж аваарай гэсэн мэдээгээр мялаалаа. Тэр өдөр би ажлаасаа эрт гарсан байлаа, учир нь маргааш өглөө эрт Баян-Өлгий аймаг уруу томилолтоор явах байлаа. Ажил тарахаас өмнө гадуур амжуулах ажил байсан учир машин уруугаа яаран таксидаж яваа нь энэ. Бид түгжирч явсаар миний машины дэргэд дөхөн ирж би тооцоогоо хийн буув. Машины дэргэд алхаж явсаар иртэл машинаа онгойлгох түлхүүрээ хайн халаасаа тэмтрэх зуур бусад түлхүүрүүдтэйгээ хамт таксинд орхисон болохыг сая л мэдлээ. Гэнэт санаад араас нь гүйтэл аль хэдий нь яваад өгсөн байлаа. Сурсан зангаараа мартамхай, хайнга зангаа дотроо харааж үгэлсээр эхнэрт байгаа илүү түлхүүрээ авахаар ажил уруу нь алхав. Маргааш өглөө нь үүрийн 5 цагт нисэх билет бүх юмаа авсан тул тэр хүнтэй хөөцөлдөх завгүй байлаа.  Өглөө хамт явах багийнхантайгаа нисэх буудалд уулзалдав. Тээшээ бүртгүүлчихээд онгоц хүлээх зуураа ярилцан зогсож байлаа. Гэтэл нэгэн жолооч байрын хүн дөхөн ирж надад хандан “Чи Баян-Өлгий явах гэж байгаа хүн мөн үү?” гэж асуулаа би “Тийм байна” гэж гайхсан янзтай хартал. “Чи өчигдөр цэнгэлдэхийн хойноос хороолол ортол такси барьсан уу?” гэлээ. Би “Тийм” гэтэл миний түлхүүрийг гарган ирж надад өглөө. Би гайхан тэр ахыг хартал огт танихгүй царай байна. Аргагүй л дээ би араас нь хараад сууж байсан юм чинь. Тэр ах ч бас намайг сайн танихгүй инээдээр маань таньсан гэнэлээ. Ингээд л миний хариу нэхээгүй тусын маань хариу маргааш өглөө нь ирсэн юм даа. Миний хэдэн түлхүүрийг өгөх гэж үүрийн 5 цагт нойроо хугаслан бензин шатхуунаа зарцуулан хол газар ирсэн байлаа. Миний бодлоор ийм таксины жолооч тийм ч олон байхгүй байх. Тэр ахыг миний сэтгэлээсээ хандсан хандлагын хариуг л барьсан байх гэж бодож явах дуртай би. Намайг Баян-Өгий явах гэж байгаа, маргааш өглөө 5 цагаас нисэх талаар тэр ах миний утсаар ярьж байгаа ярианаас мэдсэн байна билээ.
За тэгэхээр миний эцсийн хэлэх үг бол та бид өөрөө өөрийнхөө эзэн. Мөн та бид өөрийн ирээдүйг өөрөө бүтээнэ гэж хэлмээр байна. Өнөөдөр би бусдад сайн үйл хийх нь өөрийнхөө ирээдүйг сайнаар төлөвлөж байна гэсэн үг юм.